Сэтгүүлч М.АМАРЖАРГАЛ:
Уран зургаараа Европчуудыг гайхшруулж буй зураач Э.Отгонбаяртай ярилцлаа

– ДҮРСЛЭХ УРЛАГИЙН САЛБАРТ 40 НАС ХҮРЭЭГҮЙ ХҮНИЙГ ОНГИРООДОГГҮЙ –

 
Мэдээ.МН 2018 оны 9 сарын 14 www.medee.mn
 

Герман улсад амьдарч уран бүтээлээ туурвиж буй Эршүүгийн ОТГОНБАЯРТАЙ эх орондоо ирээд удаагүй байхад нь ярилцлаа. Түүнтэй ярилцлага хийх цагаа товлочихоод бүтэн өдрийн турш хэвлэлд өгсөн ярилцлагыг нь уншиж, уран зургуудыг нь үзэж уран бүтээлтэй холбоотой хэдэн асуулт бэлдэв. Гэтэл Э.Отгонбаяр зураачтай уулзаж ярилцлагаа эхлүүлэхээс өмнө өнөөгийн нийгмийн талаар ямар үзэл бодолтой байдгийг нь асууж хэсэг хугацаанд ярилцав. Ингээд төлөвлөсөн асуултынхаа дагуу ярилцлагаа үргэлжлүүлэлгүй зүгээр л түүний дотоод ертөнцөөр аялахыг хүссэн юм.

Тэрээр Берлин хот дахь Германы Урлагийн Их Сургуульд урлаг судлаач, урлагийн менежер мэргэжлээр суралцаж 2010 онд урлагийн мастерын зэрэгтэй төгссөн. 2010 онд Берлин хотод Отгонбаярын үүсгэн байгуулсан “ЗУРАГ” галерей нь Монголын урлагийн түүхэнд хилийн чанадад монгол хүний нээсэн анхны галерей юм. 1996 онд анхны үзэсгэлэнгээ гаргаж, 2001 оноос хойш эх орондоо төдийгүй Герман, Голланд, Швед, Швейцарь, Франц, Япон, Чех, Энэтхэг зэрэг улсуудад үзэсгэлэн зохион байгуулсан.


Unendlich OTGO
OTGO STUDIO GERMANY
 
-Та Монголд хэзээ ирэв. Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас яриагаа эхэлье гэж бодож байна?
-Энэ сарын 22-нд Берлин хотод үзэсгэлэнгээ гаргана. Бүх ажлаа зохицуулж дуусчихаад долоо хоногийн чөлөө гарахаар нь нутагтаа хүрээд ирлээ. Эх орондоо ирээд гурав хонох гэж байна. Хувийнхаа хэдэн ажлыг амжуулахаар ирсэн. Жилдээ нэг удаа эх орондоо ирж бүтэн жилийнхээ энергийг авдаг. Би Монголд ирэхээрээ Гандангаар ордоггүй л дээ. Нутгийнхаа салхиар амьсгалж, хийморио сэргээчихдэг юм.

-Та Герман улсад ажиллаж амьдраад 13 жил болж байна. Энэ хугацаанд эх орон маань хөгжиж үү. Урлагийн хүн учраас хөгжил, цэцэглэлт гэдгийг бусад хүмүүсээс арай өөр өнцгөөр хардаг болов уу?
-Монгол Улс хурдацтай хөгжиж байна. 2005 онд эх орноосоо явсан. Үүнээс хойш 20 гаруй удаа эх орондоо ирсэн ч гэсэн тухайн үеийнхээ төсөөллөөрөө л эх орноо хардаг. Энэ 13 жилийн хугацаанд маш олон өөрчлөлт гарч байна. Би үүнийг хөгжил гэж хэлэхгүй. Хүмүүс мөнгөнд их өөрөөр ханддаг болж, хүмүүсийн хүн чанарт эрчтэй өөрчлөлтүүд ажиглагдаж байна. Монгол Улсын газрын хэвлийд байгаа үнэт эрдэнэс, нүүрс баялаг биш шүү дээ. Байгалийн баялгийг ухаж авахад ухаан зардаггүй, техник хэрэгсэл байхад л болно. Хүнийг маш залхуу, шуналтай болгодог. Гэтэл бид чинь оюунлаг ард түмэн. Жишээлбэл, Герман улсад нүүрс л байдаг бусад байгалийн баялаг байхгүй. Тэгэхээр 80 гаруй сая хүн толгойндоо найдаж амьдрахаас өөр аргагүй, илбийн юм шиг гэнэт баяжина гэсэн ойлголт байдаггүй. Миний бодлоор хөгжил гэдэг хувь хүн өөрөөсөө эхлэхийг хэлдэг юм болов уу. Өндөр байшин барилгууд нийслэл хотод их баригдсанаар Монгол Улс хөгжиж байна гэж ойлгож болохгүй. Тэр тусмаа манайх шиг ингэж замбараагүй барилга баригдаж буй газар. Өндөр шилэн барилгууд дэлхийн аль ч оронд байдаг энгийн л нэг зүйл. Зүгээр л хоосон орон зай. Манай улс хөгжихийн тулд системтэй өөрчлөлт оруулах хэрэгтэй. Зургаан настай хүүхдүүдийг сургуульд анх ороход нь л нийгмийн гарал үүсэл буюу эцэг, эхийнх нь түрийвчнийх нь хэмжээгээр хуваачихаж байна. 10 гаруйхан жилийн өмнө ийм юм байгаагүй. Эхлээд хүүхдийг монгол хүн болгож төлөвшүүлэх ёстой, дараа нь өндөр төлбөртэй  сургуулиудад өгч болно. Чинээлэг амьдралтай айлын хүүхдүүд амжиргааны түвшин тааруухан хүүхдүүдийнхээ зовлонг ойлгохгүй, мэдэхгүй өснө. Миний үед бүх давхаргын айлын хүүхдүүд нэг сургуульд, нэг ангид суралцдаг байсан. Одоогийн нийгэм дахь хүмүүсийн харилцаа 10 жилийн дараа маш муухай болно. Хэн нэгнээ дээрээс харж, нийгэмшиж чадахгүй. Монголчууд өөрсдийгөө оюуны потенциалтай гэж ярьдаг. Энэ чинь худлаа биш. Хамгийн чухал нь зөв л чиглүүлэх л хэрэгтэй.

-ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛГҮЙ БОЛ УРАН БҮТЭЭЛЧ БОЛООД Ч ХЭРЭГГҮЙ-

-Монгол хүн оюуны өндөр потенциалтай гэдэг нь танд хэрхэн ажиглагддаг вэ. Та Европын олон оронд уран бүтээлийн үзэсгэлэнгээ гарсан учраас монголчуудтайгаа уулздаг байлгүй?
-Берлин хотод таван тивийн хүмүүс амьдардаг. Би урлагийн хүн учраас энд амьдардаг гадаад хүмүүстэй их харьцдаг. Тэгэхэд дундад улсын иргэд, Солонгос, Вьетнамчууд маш их зүтгэж, зүтгэж байж толгойдоо жаахан юм хийдэг. Уг нь их ажилсаг хүмүүс шүү дээ. Би л гэхэд хэлний авьяастай хүн биш. Германд хоёр жил амьдраад л хамгийн хүнд шалгалтыг өгөөд тэнцэж байсан. Энэ шалгалтад тэнцвэл гадаадын их, дээд сургуульд суралцах эрхээ авдаг. Бидэнтэй хамт ирсэн гадаадууд бүх хичээлдээ сууна. Гэтэл би хичээлдээ суугаагүй хэлнийхээ бэлтгэлийн төлбөрийг төлөхийн тулд ажил хийдэг байсан. Бид шалгалтаа өгөөд тэнцээд гараад ирэхэд нөгөө хэд чинь унаад нутаг руугаа буцдаг. Эсвэл өчнөөн удаа унаад л, унаад л байдаг. Уг нь энэ хүмүүс чинь тухайн улсдаа их дээд сургууль төгсчихсөн урдаа тавьсан бодлого зорилготой янз бүрийн мэргэжилтэй хүмүүс. Монголоос 40, 50 настай өндөр мэргэжилтэн Герман хэл мэдэхгүй Берлин хотод ажилд ордог. Зургаан сарын дараа герман хүн шиг ярьж чаддаг. Монголчууд дасан зохицох чадвар сайтай. Тэр тусмаа монгол үндэстний хэл, оюуны потенциал өндөр гэдэг нь харагддаг. Европийн холбооны улсуудад үзэсгэлэнгээ гаргаад явж байхад IT-ийн салбарт өндөр зэрэглэлийн ажил хийдэг их олон хүн байна. Сард авдаг цалинг нь зах зээлийн ханшид хөрвүүлээд бодоход 20-30 мянган еврогийн цалин авч байна. Энүүгээр юуг хэлэх гээд байна вэ гэвэл “Монгол” гэсэн цөөхөн үндэстэн дэлхийн өнцөг булан бүрт тархан суурьшихдаа очсон газартаа, нийгэмдээ байр сууриа ямар сайн эзлээ вэ гэж боддог. Германд гуйлга гуйдаг гадаадын маш олон хүн байдаг. Гэтэл гуйлга гуйж яваа монгол хүн байдаггүй. Монголчууд цоглог ш дээ. Энд тэнд цэвэрлэгээний ажил хийдэг ч гэсэн мисс шиг биеэ авч явдаг. Харин азийн өөр орноос ирсэн цэвэрлэгээний ажил хийдэг хүмүүс цэвэрлэгч шиг харагддаг. Хүнтэй юм ярьж чадахгүй харц нь дальдчаад байдаг. Монголчууд чинь зовхи нь өөдөө ард түмэн шүү дээ. Монголчуудыг жаахан хөгжүүлээд өгөхөд л амжилтад маш хурдан хүрдэг.

-Та эх орноосоо гарснаасаа хойш өөрийгөө яаж хөгжүүлэв. Хэрэв энэ хугацаанд эх орондоо байсан бол өнөөдрийн энэ амжилтад хүрсэн байх болов уу?
-Би 25 настайдаа монголоос гарсан. Хүн сайндаа л 100 насална. Тэгэхээр амьдралынхаа ¼-ийг эх орондоо амьдарч, сууриа зөв тавьчхаад ямар нэгэн соёлд уусч, даган дуурайхааргүй болсон үедээ явсан. 16 настайдаа Германд очсон хүүхдүүд мөн чанараа алдаж харахад монгол хүүхэд шиг гэвч герман хүн шиг болчихдог. Би уран бүтээлч хүн учраас дэлхийн дэвжээг сонирхсон. Тухайн үед галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй гэдэг шиг омогтой, би бүгдийг чадна, надад дэвжээ хэрэгтэй гэж боддог байсан. Ер нь уран бүтээлч хүнд өөртөө итгэх итгэл байх ёстой. Тэгж байж хүн хөгждөг байхгүй юу даа. Өөртөө итгэх итгэлгүй бол уран бүтээлч болоод ч хэрэггүй. Ингэж байж онгодоо сэргээж явдаг. Инженер, техникийн гэх мэт өөр салбарын хүмүүс ийм байж болохгүй байх л даа. Берлин хотод дэлхийн улс орнуудын уран бүтээлчид их амьдардаг хот л доо. Тэд нартай өөрийгөө харьцуулж үзье гэж бодоод явсан. Германд очсоныхоо дараа уран бүтээлчдийн үзэсгэлэнг их үзсэн. “Би өөр юм байна” гээд цээжээ дэлдсэн.

-Яагаад тэр вэ?
-“Би гайхамшгийг бүтээж чадна” гэж өөрийгөө хөглөж байсан. Тухайн үед халаасандаа мөнгөгүй, юу ч байгаагүй. Гэсэн ч бүгд жижигхэн харагддаг байсан. Миний уран бүтээл дэлхийгээр нэг тархсан. Гэхдээ жуулчдын сувнер шиг биш. Тодорхой хэмжээний үнэлгээтэй, дэлхийн ямар ч үндэстэн инээж байгаад авчихдаггүй. Үүгээрээ би хүндлүүлдэг.

-Том талбайд олон жижиг деталь зургийг өнгө будгаар хослуулж маш том цогц уран зургийг бүтээдэг.  Миниатюр гэх энэ урлагийг хүмүүс хэр их ойлгодог вэ?
-Хүн болгонд уран зургийг хүлээж авах оюуны чадвар бүгд өөр. Гурван настай хүүхэд билэг танхай харж байхад 30, 80 настай хүмүүс тэр хүүхэд шиг харж чадахгүй. Уран зургийг хүн өөрийнхөө хэмжээгээрээ л хүлээж авах ёстой.

-Тэгэхээр таны бүтээлийг үзсэн хүн бүхэн өөр өөрийнхөө өнцгөөр хараасай гэж боддог учраас зургаа олон деталь хэсгээс бүрдүүлдэг гэж үү?
-Тийм, би ийм зүйл зурсан юмаа гэж хэлэх шаардлага ч байхгүй. Урлаг судлаач нар миний тухай шүүмж бичихдээ надтай уулздаггүй. Уулзах хүсэлт тавьсан ч уулздаггүй. Би тэр хүнд “будаа” идүүлэхгүй, тэр үнэхээр урлаг судлаач хүн бол өөрийнхөөрөө л бичиг л дээ. Би илэрхийлэхийг хүссэн зүйлээ “Май” гээд өнгө будгаар гаргаад өгчихлөө. Хүн ном уншаад ойлгодог шиг, миний зурсан зургийг хэрхэн яаж унших нь тэр хүний л хэрэг. Урлаг ийм л учраас гайхалтай байдаг. Хэлбэр дүрснээс гадна өнгийг мэдрэх мэдрэмж, билэгдэл дэлхийн өнцөг булан бүрт өөр, өөр байдаг. Би энэ уран бүтээлээрээ, өнгөний зохицлоороо ийм зүйлийг илэрхийлэхийг зорьсон гэж тайлбарлаж болохгүй, дэндүү жижигхэн байна. Дэлхийн тавцанд гарах ч шаардлагагүй биз дээ. Тиймээс би тайлбар өгдөггүй. Бие үгүй болоход уран бүтээлүүд маань л үлдэнэ. Одоогийн нийгэм, ирээдүйн нийгмийн хүмүүс дандаа л оньсого шиг тайлбар хэлж, хүн бүр өөрийнхөө өнцгөөс хараасай л гэж хүсдэг.

-ОДОО Л МИНИЙ ШИНЭ ҮЕ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА-

-“Туушин” зочид буудлын үүдний тахимд байдаг ханын зургийг таны бүтээл гэдгийг тэр болгон хүмүүс мэдэхгүй байх. Та нэг уран бүтээлд дээр хэр удаан ажилдаг вэ?
-2013 онд “Туушин” зочид буудал байгуулагдсан, нээлтээ хийхээс нь өмнө зурж дуусгасан. Дүрслэх урлаг их сонин, хичнээн цаг зарсан гэдэг нь сонин биш. Юу хийсэн нь чухал. Би нэг уран бүтээлийг дуусгахын тулд маш их хөдөлмөрлөдөг, цаг хугацаа их шаарддаг. Нөгөө талаасаа азтай, зураг зурж байхдаа бясалгал хийж байгаа юм шиг ертөнцөөс тасарч амар амгаланг олдог. Нийгмийн хорт стрессээс хол байдаг гэсэн үг.

-Та ярилцлага эхлэхээс өмнө 40 нас хүрэх гэж байна хэмээн ярьсан. Энэ нас уран бүтээлч хүний хувьд ид оргил үе нь байдаг уу?
-Үгүй, үгүй 40 хүрч байна, амьдрал дөнгөж эхэлж байна. Хүн багаасаа өөрчлөлтийг хийх ёстой биш одоо л өөрчлөлтийг хийх ёстой. Хүн 40 нас хүртлээ эрэгтэй, эмэгтэй гэлтгүй залуу насныхаа гоо сайхнаар амьдралаа чимж явдаг. Харин 40 наснаас дээш юу идэж ууж, дасгал хөдөлгөөн хийж байна уу, ямар стресс бухимдалтай амьдарч байна гэдгээс хамаарч 60, 70, 80 наслах уу гэдэг нь шалтгаалдаг. Дүрслэх урлагийн салбар бүх урлагийн хаан нь байхгүй юу. Яагаад гэхээр хүнийг амьтнаас ялгаруулдаг зүйл чинь урлаг. Хүн бол сүргээрээ амьдардаг амьтан. Хүн урлагтаа болсноороо амьтнаас ялгарсан, оюунлаг болсон. Тэр тусмаа дүрслэх урлаг бүх урлагийн эхлэл. Хүн бичиг, үсэг сурахаасаа өмнө зурж зурсан байдаг. Энүүгээр би юу хэлэх гээд байна вэ гэвэл дүрслэх урлаг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөх гэж их уддаг. Дүрслэх урлагийг хөгжүүлдэг урлаг судлаач нар, уран зураг цуглуулдаг хүмүүс юм үзэж нүд тайлсан 50-аас дээш насны хүмүүс байдаг. Энэ насны хүмүүс жижигхэн зүйлийг даган баясаж хөөрдөггүй. Өөрөөр хэлбэл 20 настай хүүхдийг онгироодоггүй гэсэн үг. “Энэ хүүхэд юм дуулгана шүү. Гэхдээ ахиад 10 жил харъя” гээд 40 нас хүртлээ юу хийж бүтээхийг нь хардаг. 40 нас хүртлээ хүн өөрийгөө ойлгуулах гэж тэмцдэг. Дүрслэх урлагийн салбарт 40 нас хүрээгүй хүнийг онгироодоггүй.  Одоо л миний шинэ үе эхлэх гэж байна.

OTGO Studio Berlin
OTGO STUDIO GERMANY

-Уран зураг сонирхдог, зураач болох гэж буй залуучуудад хандаж та юу хэлэх вэ?
-Урлаг гэдэг бусдаас онцгой байвал бишрэгддэг. Хэн нэгний явсан замаар явж болохгүй гэсэн үг. Монголд ирээд уран бүтээлчдтэй уулзаж байхад, тэднийг хэвлэлд ярилцлага өгөхөд нь сэтгүүлчид “Та  ямар стилиэр уран бүтээлээ тууривдаг вэ” гэж асуудаг нөгөөх нь “Би ийм стилиэр уран бүтээл хийдэг” гэж хариулдаг. Энэ чинь буруу байхгүй юу. Яагаад гэхээр уран бүтээлчид ямар нэгэн стильд баригдана гэдэг хэн нэгнийг дагаж байна гэсэн үг. Урлаг гэдэг чинь дандаа шинэ зам гаргахыг хэлж байгаа юм. Чи бусдаас өөр байх ёстой. Өөр байж чадахгүй бол уран бүтээлч болоод ч хэрэггүй.

-Өөрийнхөө сурсан мэдсэн зүйл, туршлагаа залуучуудтайгаа хуваалцдаг уу?
-Би монголд хааяа ирэхээрээ лекц тавьдаг. Европт ч гэсэн лекц тавьдаг.Та анзаарсан байх би ярих дуртай онгирч байгаа юм биш. Хүн болгон аливаа зүйлийг өөр, өөр өнцгөөс хардаг. Би л гэхэд Германд очоод бүх зүйлийг тэгээс эхэлсэн. Тиймээс нэг хүнд ч гэсэн зөв ойлголт өгч, нөлөөлөл үзүүлчих юмсан гээд зөвөлгөө өгдөг. Гэхдээ хүмүүс зөвөлгөө гэж хүлээж авч байна уу эсвэл яасан онгироо юм гэж боддог уу мэдэхгүй. Өөр өөрийнхөөрөө л хүлээж авдаг байх.

М.АМАРЖАРГАЛ

 
OTGO Studio Germany
OTGO STUDIO GERMANY


M. Amarjargal
Quelle: MEDEE.mn (September 14, 2018)















 







 OTGO Otgonbayar Ershuu                                         English  German  Mongolian  www.facebook.com/OTGOArtist  Contact