Mongolian:
Өөр соёл урлагийн хил хязгаарыг давах нь нэг бол шинээр эрх чөлөө олж
авах эсвэл эрсдэлтэй тулгарч болзошгүй зүйл. Хоёр ертөнцийн хоорондох
зам харгуйгүй орон зайг зөвхөн эр зоригоороо даван туулах болно.
Гэнэтийн үйл явдал, хуурмаг зүйлээс өөрийгөө хамгаалах ёстой болно.
Алхам бүр нэг бол алдаа, дутагдалт эсвэл ололт, ухаарлын шинэ боломжинд
хүргэнэ. Уран бүтээлчийн хувьд хүчин төгөлдөр энэ үг түүний зургуудыг
үзэж буй үзэгчид мөн адил хамаатай.
Бид байгаль дэлхийг харуулсан зургуудын дунд зогсож байна. Харийн
боловч ямар нэгэн сонин мэдрэмжээр танил ч юм шиг ертөнц бидний нүдэнд
тусна. Зах хязгааргүй зэлүүд нутагт нууцлаг амьдрал өрнөнө. Олон удаа
давцах өнгөт зурвасуудаас тогтох суурин дээр бужигнасан олон дүрсүүд
шигтгээстэй.
Холоос уламжлалт бус бүтцүүдийг гайхалтай амилуулсан мэт харагдах
бүтээл ойртон харахад постмодерн ёжлол (postmoderner Ironie) маягийн
таслалттай текст болон хувирч, гадаргуу дээр нь тулан очиж үзэхэд
диваажингийн гэнэн цайлган, ариун сэтгэлээрээ аливаа нэгэн шүүмжлэл,
өнөө үетэй огт холбоогүй, маш ухаалаг график шийдвэртэй комикстэй
төсөөтэй фигуруудын дүрслэл байх юм.
Бидний харж байгаа зураг олон үет гэх үгийн жинхэнэ утгаараа энд байна.
Нэг талаас лазурь болсон олон өнгийн давхцсан хийсвэр урсгалууд, нөгөө
талаас уран гүйцэтгэлтэй нэг хэвийн хүн болон амьтны дүрсүүдийн
холболт, шуурга, сүлжээ нийт талбайг бүрхэнэ. Бид зураг урлах энэхүү
холилдоогүй, хэтийн төлөвгүй хоёр түвшин нь бидний түгээмэл ухаарлын
хэмжүүрүүдээс тэс ондоо байдлаар өөр хоорондоо чадварлаг нийлснийг олж
харна.
Абстракц, дүрслэлт алга болоогүй төдийгүй өөрсдийн эсрэг тэсрэг чанараа
тус бүр илүү тод харуулна. Гэвч зураг дахь ертөнц дэлбэрч сүйрэхийн
оронд дэлгэцнээ тайтгаруулсан зөрчлөөс гэнэт урьд өмнө үзэгдээгүй
дүрэлзсэн гэгээтэй, бурхны дүр бүтээлийн олон утгатай том хэмжээний хээ
урган гарч, дүрсүүдийн эмх замбараагүй байдал болон хатуу системчлэлийн
хоорондох омголон зөрчил бишрэл төрүүлнэ.
Товчхондоо: Бидний харж буй зурагт нэг хэмжээст тайлбарлал, учир
шалтгааны тайлалт боломжгүй. Иймд зүй ёсоор сонирхол татах талбарт
нэвтрэн орохдоо болгоомжтой байвал зохистой.
Танихгүй газар аялах бид эхлээд зөвхөн үүнийг хэлж чадах юм: Энэхүү
гайхал төрүүлэх зургууд ХОСОЛМОЛУУД (HYBRIDES)
юм. Тэд соёлын давхцлын тодорхой бус нэгэн орон зайг тэмдэглэнэ.
Нийгмийн шинжлэх ухаан холимог байдлыг тэс ондоо соёл, нийгэм эсвэл
шашны амьдралаас үүдэлтэй сөрөг утгатай оюун ухаан болон нэгтгэж үл
болох логикуудыг үйлдэл хийх, бодож сэтгэх шинэ загварт нэгтгэх үзэгдэл
гэж тодорхойлно. Нэн тэргүүнд энэ тохиолдолд соёлын дэвшил урагшилдаг
ба миний бодлоор жинхэнэ шинэчлэлийн боломж эндээс бүрдэнэ.
Э. Отгонбаяр буюу Отго нь 1981 оны 1-р сарын 18-нд Монгол Улсын нийслэл
Улаанбаатар хотоод ажилчин Эршүүгийн 6 дах хүү нь болж төрсөн. Төв,
Хойд, зүүн Азийн дунд байрлах талын Монгол орон нь Герман улсаас бараг
5 дахин том бөгөөд 3 сая иргэнтэй энэ улс дэлхийн хамгийн сийрэг хүн
амтай бие даасан улс билээ. Хэдэн мянган жилийн туршид энд нүүдэлчид
оршин сууж ирсэн байдаг. 12-р зууны эцсээр Чингис хаан 70 жилийн
хугацаанд дэлхийн нэг гүрэн болгосон түүхтэй. Тэр үеээс хойш Монгол улс
буддын, ламын шашинтай бөгөөд эдгээр нь социалист ард улсын (Монгол улс
нь ЗХУ-ын дараа хоёрдахь социалист орон) тогтолцоог даван оршин тогтож
буй.
Зураач Отго нь 7-н төрсөн болон 1 өргөмөл ах дүү нартайгаа энэ дэлхийн
нөгөө өнцөгт өсөж өндийсөн. Түүний урлагийн авьяас нь эрт элэрсэн
бөгөөд 1990 –д онуудад Улаанбаатар хот дах ДУДС-д Монгол Зургийн
ангид суралцжээ. Дараа нь бие дааж 6 жилийн турш монголын уламжлалт
бичил зургийн урлагт суралцаж, хэсэг хугацаанд уран зургийн сэргээн
засварлагчаар ажиллаж байжээ. Ингэхдээ Отго нь өөрийн эх орны нутгаар
явган, морьтой, усан болон агаарын хөлөг онгоцоор “нүүдэллэн” нуугдмал
өнцөг, орон нутаг, сүм хийд алгасахгүй эх сурвалжууд дээр очсон байдаг.
Ингэж явахдаа янз бүрийн хүмүүстэй учирч өөрийн багш нартайгаа хамт
амьдарч байжээ. Энэ цаг үеээс л өөрийн өвөг дээдсийн эх нутаг болон
тэдгээрийн итгэж ирсэн шашин шүтлэгт сэтгэлтэй болсон байдаг.
Отгоо монголын бичил зургийн арга барил, бурхны дүр бүтээх урлаг болон
бишрэл сүсгийг багш шавийн шууд харилцаатай буддын ламын шашны
хийдүүдэд эзэмшсэн бөгөөд зургийн бүх багажийг өөрөө хийж эхэлсэн.
Тэрбээр гар урлал гэхээсээ илүүтэй гүн ухаан болсон Танка зургийн
чадварыг гарамгай эзэмшсэн. Танка зураг нь тантри буддизмын (ламын
шашны) дүрслэгдсэн төрх нь юм. Танка (Thangka)
зураг-г хийд сүм, гэртээ бурхны өмнө бясалгал хийх үед дэлгэдэг ба олон
нийтийн мөргөл үйлдэхэд залдаг.
Отгоо хамгийн нарийн ширхэгтэй бийрээр хараа зүйн туслах багажгүй
өчүүхэн диа гэрэл зургийн (6x7см) хэмжээтэй зайд олон зуун Будда,
Бодисаттва болох сахиусыг зурж, маш нарийн хээтэй тусдаа фигуруудыг
бүтээжээ. Түүний нууцлаг хар суурь нь хөө, нэрмэл архиар найруулагдсан,
өнгүүд нь эрдэслэг болон ургамал гаралтай пигментуудийг сарлагийн
шийрээс гарган авсан цавуугаар бэхжүүлсэн байдаг. Тодорхой болсон
урсгал дотор Отго урлагийн хүний хувьд өөрийгөө шинээр олж, зургийн
урлаг нь түүнд шашны аливаа нэгэн зорилго агуулгагүй бясалгал болдог.
Тэрбээр, амьд бурхнаар дамжин эрч хүч гүйцэтгэгч өөрт нь зэвсэг
хэрэгсэл болж ирнэ гэсэн бишрэлтэт ойлголттой ажилдаг.
“Бурханы зургийг гараараа бус бясалгаж буй мэт сэтгэл оюунаараа
бүтээдэг. Энэ үед яг л бясалгал хийж байгаа мэт шинэ эрч хүч, энерг
ирдэг”. Зураач бурхадын дүрийг бүтээхдээ хамгийн сүүлд мэлмийг нь
тодруулснаар бурхад амилдаг.
Энэхүү зураг урлагийн хамгийн чухал суурь нь байгалийн гэрэл юм.
Монголд жилд 300 хоног нартай байдаг. Тиймээс Отгоогийн хувьд Герман
улс нэгэн сорилт болсон. Учир нь Отгонбаяр төрийн олон шагнал хүртэж,
дэлхий даяар үзэсгэлэн гаргасны дараа 2005 онд Берлин рүү нүүж ирэн
2007 онд дахин урлагт суралцахаар энэ удаа Берлины Урлагийн Их
Сургуулийн - Урлагийн Хүрээлэнд элсэн, 2010 онд урлагийн мастер
цолтойгоор дүүргэсэн.
Уран бүтээлч маань ийнхүү баруун европын урлагийн түүх болон орчин
үеийн урлагийн арга барил, бурхны дүр бүтээх урлаг, ухамсрыг эзэмшсэн
төдийгүй урлаг, хэвлэл мэдээлэл, постмодерны тухай өнөө үеийн
хэлэцүүлэгт гүн орсон болно. Тэрбээр хил даван шинэ ертөнц рүү нэвтэрч,
өөрийн харах ертөнцөө өргөтгөсөн боловч өмнөх хэвшмэл болсон зүйлсээ
үгүйсгээгүй юм. Отго Германд зураачаар ажиллаад зогсохгүй Европ болон
өөрийн эх орны хоорондох урлаг болон оюун ухааны солилцоонд идэвхитэй
оролцдог. “Зураг” галерейдаа тэрбээр өрнө дорныг уулзуулах, монголын
соёлыг мэдрэх боломж олгосон, Монгол улсын ерөнхий сайд ч орж гардаг,
урлагаар амьсгалсан найрсаг төвийг бий болгосон.
Германд нарны гэрэл дутаж, “тэнгэр
бараг байнга бүрхэг”. Хэдий тийм ч Герман улс Отгоогийн хоёрдахь
сургууль төгсөлтийн дараахь 5 жилийн турш өөрийн өвөрмөц хосолмол
зургийн стилийг (his hybrid style)
хөгжүүлсэн газар нутаг юм. Энэхүү хэв маягт юуг ч холилдуулахгүй,
уусгахгүй ба хоёр ертөнцийн соёл зургаар дүрслэгдэж, хоорондын зөрчил
нь зураг болж даван туулагдах юм: Отго нь хэдийнээ өөрийн эх орны соёл,
урлагийн хүрээнд орчин үеийн уур амьсгал оруулхаас гадна монголын бичил
зургийн урлагийн гайхамшигт арга барил, бурханы дүр бүтээх уламжлалаар
өөрийн зургийн хэрэгслэлдээ төвлөрсөн, өөр рүүгээ хандсан, Мане (Édouard Manet) болон
импрессионизмын үеээс абстракцийн замыг сонгосон, уламжлалт барууны
урлагийг баяжуулсан болно. Энэхүү хоёр эсрэг чиглэлтэй зургийн
ойлголтыг нэвтэрч тэдний синтезийг Отгоо бий болгож байна. Түүний
зургийн урлаг нь үзвэрийн бие даасан онцгой үйл явдал болох нь
нотлогдсон. Санаатай зохиогдож, урлагийн өндөр түвшинд шийдлээ олсон
энэ холимог нөхцөл байдал хоёр соёлын давхцлаар илэрхийлэгдэж, шинэ
санааны үүд хаалга болжээ.
Отгоогийн одоогийн уран бүтээлд бурхан бүтээх илүү чөлөөт байдал болон
илүү абстракцирүү хандсан нь ажиглагдана. Дүрэлзсэн графикийн драм,
камасутра тачаалал нь диваажингийн эвтэй дүрсүүдийн тайвширсан
огторгуйд зайгаа тавьж байна. Зургийн бүтэц нь зургийн санаанд илүү
хүчтэй, ач холбогдолтой болж байгаа.
Тод хурц өнгө давамгайлж байсан хэсэг хугацааны (phase of the trend of neon-colours)
дараа өнөөдөр цэрд маягийн үндсэн өнгө давамгайлж байна. Үүний зэрэгцээ
зургийн бүтэц нь дохионы хэв шинжтэй болон туршилтын чанартай болсон
юм. Зургийн нэг бүрчлэн элементууд илүү хүчтэй хоорондоо ууссан,
холилдсон чичирхийлэл үүсгэж (hybrid
mix- forms), илүү жигд болсон зургийн гадаргуу дээгүүр долгион
болон мета-хээ мэт урсаж өнгөрнө.
Бид өнөөдөр тод илэрхийлэлтэй акриль будгийн зураг дээр маш нарийн
чадварлаг түүшээр зурсан дүрсүүдтэй давуун холстын өмнө зогсоно. Эрээн
тахийн сүргийг даган явах судалтай хослол өмссөн эмэгтэйчүүд оптик
урлагийн шуурга дэгдээнэ. Пингвин шувууны сүрэг нь дөнгж гэрэлтэж
харагдасна мөсөн цэнхэр доод ертөнцөд унтарч шижээтэй. Аж амьдралын
нэгэн орой үдэш нүдэнд багтахгүй адуун сүрэг оюу өнгөтэй хээр талд
давхиж буй зураг үзэсгэлэнгийн сүүлийн танхимын гэрэлд маш сайхан өнгө
шилжилттэй.
Үзэсгэлэнд нэр хайрласан “Цагаан” Триптих (гурван талт буюу гурвалсан
уран бүтээл) Та цасан өнгөт торны дунд чармай нүцгэн хүмүүсийн бие,
монголын амьтны ертөнцөөс ирсэн согоо, янгир, туулай болон ирвэсүүдээс
тогтох хээнүүдийн бөөгнөрөл олж харна. Зургуудын огторгуйд хүн зүй
ёсоор өчүүхэн харагдана. Уламжлалт аргаар томруулах шилгүй зурсан
дүрслэлтүүд холоос давууны нэхмэл мэт нийлж харагдана. Энэхүү сансар
огторгуйд бүх ном Бурханы амьсгал шиг бүрэлдэхүүн хэсгүүдийг нэвтрэх,
зогсолтгүй өөрчлөлт авчрах хөдөлгөөнд захирагдана.
Э.Отгонбаяр нь өөртөө итгэлтэй, өнөө үеийн өрний уран бүтээлч болон
төлөвшсөн бөгөөд эндээс өөрийн эх орны соёлын хөгжилд хувь нэмрээ
оруулдаг зураач болсон байна. Иймд түүнийг зүй ёсоор Монголын орчин
үеийн урлагийн хамгийн чухал уран бүтээлч гэж нэрлэж болох аж. Гэвч
Отго нь түүнээс ч илүү: олон улсын зураачдын пост-постмодернизмын үеийн
төлөөлөгч тэрбээр өнөө үеийн постмедиа зургийн урлагт шинэчлэлийн
түлхэц өгч байгаа зураач хүн. Энэхүү түлхэц нь зураг болон утгын түвшин
давхцах үед нэг нэгэндээ чөлөөтэй нэвтрэх боломж олгоно. Бид иж бүрэн,
өөрийгөө тод хүчтэй илэрхийлсэн, өвөрмөц уран зургийн хэллэгтэй
зураачийн нийт бүтээлтэй танилцаж байгаа бөгөөд эдгээр нь биднийг
бишрүүлж, гайхшруулж
байна.
(Герман
хэлнээс Монгол хэл рүү орчуулсан Ж.Энхбүрд)
©
Ulrike Lorenz 2015