Зураач, судлаач С. Чулуунцэцэг
ЗУРААЧ
ЭРШҮҮГИЙН ОТГОНБАЯР НЬ ДҮРСЛЭЛИЙН ИЛЭРХИЙЛЛИЙН ХЭЛ БОЛОХ МАХБОДОД
ШИНЭЧЛЭЛ ХИЙГЭЭД ЗОГССОНГҮЙ, ДҮРСЛЭХ УРЛАГТ СЭТГЭЛГЭЭНИЙ ТЭЛЭЛТ БУЮУ
"ДАЯАР УРЛАГ" - ИЙГ АВЧ ИРЭВ
Э. Отгонбаярын бүтээлүүд тансаг байгаль хийгээд хүн, араатан амьтан,
зүйлийн гоо сайхан, уран сайхны магт дуу мөн үү?
Үгүй л болов уу ...
Цаг үе урагшлан дэвшиж урлаг уран сайхны үүрэг зорилт, үнэ цэнэ үндсээр
ээ өөрчлөгдсөн өнөө цагт "Сайхан", "Муухай" гэж дундад зууны төгсгөлд
алагчлан ялгаварлагдсан гоо зүйн үндсэн томъёолол болох өрнө дахины
"Дан замын" хэв шинжит ертөнцийн тухай төсөөллөөр бид зөвхөн "Сайхан"
-ыг магтан дуулсан хэвээр байх уу?
Аль эсвэл амь болоод амьдралын үнэ цэнэ, түүний утга учир мөн чанарт
анхаарлаа хандуулсан "Давхар замын" сэтгэлгээнд суурилан хөгжих үү?
Энд л амьдралыг үзэх нүүдэлч болоод сууринч язгуур сэтгэлгээний үндсийн
үндэс, ялгаа нь оршин байгаа болов уу ...
Цаг цагаар аа байдаггүй, цахилдаг хөхөөр өө байдаггүй ээ гэж ...
Хүний нийгмийн бүтээн байгууллын үе бүхэн өөрийн гэсэн өнгө төрх, үг
хэллэг, дуу аяз, дүр дүрслэл, үзэл бодлын тодорхой асуудал болоод
илэрхийллийн зэвсгийг өмнөө барин ирсэн
Хүний гараар бүтээгдсэн соёл иргэншил өөрөө түүний нэгэн яруу тод илрэл
...
Дэлхийн дүрслэх урлаг хоёр зуугаад жилийн тэртээх хөгжлийн явцдаа
"Сайхан" гэгчийн туйлыг тултал нь хийж, бишрүүлэн гайхуулж чадав. Энэ
нь тэр цаг үеийн туйлын зорилго төдийгүй бас шаардлага нь байв.
Өнөөдөр дэлхий өөрчлөгдөж, хүн ч бас өөрчлөгдөв. Урьдын юм ул болж шинэ
юм зул болов гэгчээр бүх юмыг үзэх харах, цэгнэх хэмжүүр эрс
өөрчлөгджээ ...
Зураач хүнд тавигдах уламжлалт бүхий л шаардлага бүтээлч бүхэнд бий
Э. Отгонбаярын бүтээлүүдээс уран сайхны чөлөөт хэтрүүлэг төдийгүй
уламжлалт арга хэрэгсэл, ур чадварын ханалт гээд дүрслэлийн ухаан
болоод бие махбодын чадамж хангалттай хосолж чадсан нь харагдана.
Тодруулбал, тэрээр уламжлалыг шинэчлэх тал руугаа давшингуй дайчин
ажилласан болох нь бүтээлчийн бүтээл бүтээгдсэн он дарааллын явц дахь
зураглалаас илт мэдрэгдэнэ. Товчоор хэлэхэд зураач Э. Отгонбаяр нь
дүрслэлийн илэрхийллийн арга хэрэгсэл болох махбодод шинэчлэл хийгээд
зогссонгүй, дүрслэх урлагт сэтгэлгээний өргөтгөл буюу “ДАЯАР” гэгдэх
ойлголтыг шинээр авч ирэв. Сайхны туйлууд зураач Э. Отгонбаярын
"Зүрхнээс мэдэрсэн диваажин", "Шинэ амьдрал" зэрэг олон тооны цуврал
бүтээлүүдэд сэтгэлгээ болон гүйцэтгэлийн биелэл болж чадсан ба муухайн
туйлууд ч бас түүний томоохон хэмжээний бүтээл болох "Хүн" болон "Там"
зэргээс тэнцвэрт болон туйлын байдлаар харагдаж чадав ...
Сайхан муухай хоёрыг салгаж хардаггүйтэй ижил хар цагаан ба гэрэл
сүүдэрт салгашгүйн утга дүүрэнг бид амьдрал гэгч ухаанаас хэдийн ойлгож
мэдсэн ...
Орчлон болоод амьд ертөнц хоорондын амьдралын зохироо, оршин тогтнох
хүчит хууль нь хүнээс оюун санааны төдийгүй бүтээн байгуулалтын асар их
өөрчлөлтийг нэхэн шаардсан тэрхүү эринд бид амьдарч байна ...
Зураач Э. Отгонбаярын бүтээлүүдэд орчлонт ертөнцийн лугшилт, амь
амьсгал, дуу чимээ, амьдралын төлөөх зөрчил тэмцэл, эрч хүч ба
хөдөлгөөн, хүсэл тачаал, амар амгалан болоод тайвшрал гээд "Амьдрал"
гээч дүрслэлийн их хэл биеллээ олж байршиж чадсан төдийгүй "Хүн" гэгч
бүтээгч төдийгүй устгагчийн өмнө тулгарч болох, тулгараад буй
"Байгальгүйн эрин" - ий ёрлол дам бөгөөд ёж утгаар аа цуврал
бүтээлүүдэд нь илэрсээр ирэв.
Бид өнгөрсөн зууны дунд үе хүртэл байгальтай эринээс авах аа авч, сурах
аа сурч, хаях аа хаяж, гээх ээ гээн, амьтны ертөнцийг хүний ертөнц
болтол нь хувиргаж, зоргоор аашилж амьдарч ирж чадсан хүчирхэг хүмүүний
үр сад билээ ...
Өдгөө бидний амьдарч буй XXI зуун бол байгалийн дутагдал нь хэдийн
ужигарч сэдэрсэн, байгалийн хомсдлын их эриний эхлэл ...
Бид мэднэ!
Цаашид байгалийн дутагдал алгуур гүнээр даамжирснаар "Байгальгүйн эрин"
рүү хөл тавих, хүний хөгжлийн сорилын эринд шилжих нь гарцаагүй ...
XX зууны зураачаас, XXI зууны зураачийн үүрэг хариуцлага улам өндөр
төдийгүй улам ч бүр өөр байх нь дамжиггүй ...
Отгонбаяр зураачийн бүтээл, зураачийн шинэхэн үүрэг хариуцлагыг бусдаас
нэхэн шаардах мэт байгаагаар аа бас нэг онцлогтой ...
Жишээ нь, Э. Отгонбаярын аварга том "Антрактидийн панорама" бүтээл нь
одоо болоод ойрын ирээдүйг бодитой зөгнөсөн, дэлхийн хэмжээний аюулын
харангыг дэлдэж чадсан төдийгүй бүх нийтийн эрх ашиг хөндөгдсөн,
агуулгын хувьд асар цар хүрээ бүхий томоохон хэмжээний даяар шинжийг
агуулсан, "ДАЯАР" бүтээл болж чадав ...
Ерөнхийдөө Э. Отгонбаярын бүтээлээс өнгөрсөн болоод ирээдүй цагийн дам
учиг холбоос, орон зайн асар ойр ба асар холын чиг баримжаа, агаар ус
хөрс чулуулгийн давхарга бүхий амьд ертөнцийн шим мандал нэвт шувт
мэдрэгдэнэ ...
Бүтээлүүд цаг хугацаа, орон зайн хязгааргүйн дайд үзэгчдийг аван одох
ер бусын шидийн чанартайгаас гадна утгын гүн гүнзгийд сэлүүлэн
умбуулахуйц, сэтгэл зүйн тансаг болоод тамын байгалийн төсөөлөлд
хүргэхүйц, туурвихуйн ид хав дүүрэн шинжийг агуулжээ ...
Эд юмст буюу материаллаг ертөнц Э. Отгонбаяр зураачийн хувьд чухал биш
юм
Харин амьд ертөнц болоод амьдралын тухай сэдэв түүний бүтээлийн олонхид
зонхилов
Дахин давтагдашгүй амь амьдрал гэж бид зүгээр ч нэг яриагүй
Энэ нас, энэ амьдрал, энэ дэлхий нэг л удаа олдох тавилантайг бид мэднэ
Зураач Э. Отгонбаяр сэдвийн өргөн цар хүрээг хамрахуйц, утгын гүн
гүнзгий холыг туучихуйц, ур чадварын ид бах хавыг үзүүлэхүйц
давтагдашгүй бүтээлүүдээр ээ шинэ эриний урлагийн чиг баримжааг
тогтоосноор барахгүй, "ДАЯАР УРЛАГ" - ийн гарааг анхлан эхлүүлэв ...
Иргэншлийн гараанаас аа эхлэн хатуу заагаар тусгаарлагдсан, дорно өрнө
гэгдэх хоёр ертөнц нь нийгэмлэх хуулийн хөгжлийн хөшүүрэг төдийгүй
ангилал ялгаварлал нь соёл урлагт ч бүрнээ тусгал аа олж, XX зууны
төгсгөл хүртэл амь бөхтэй ухагдахуун хэвээр байв
Э. Отгонбаярын бүтээлүүдийг дэлхийн дүрслэх урлагийн хөгжлийн үе шат
болон тод томруун хэв маяг, хийц болон чиг хандлагуудтай ерөнхийд нь
харьцуулан уялдуулж үзэхэд, түүний бүтээл урлагт гарцаагүй шинэчлэл
буюу алхам явагдсаныг гэрчилнэ
Бүтээлүүд дэлхий даяар тулгамдаж буй нийтлэг асуудлыг хөндөж чадсанаар
аа даяаршлын утга дүүрэн төдийгүй "ДАЯАР УРЛАГ" - ийн гарааны чиг
баримжаа болж байна ...
Дэлхийн улс төр, эдийн засаг, соёл урлаг алгуураар аажмаар даяаршин
нэгдэх зам руугаа орж байна. Дэлхийн дүрслэх урлагийн дорно өрнийн
сэтгэлгээ болон дүрслэлийн арга хэрэгсэл ч бас нийлэгжих гарааны явцдаа
алгуураар ахиж, давшсаар л явна.
Тэгвэл Э. Отгонбаярын бүтээлүүдэд дорно өрнийн сэтгэлгээ төдийгүй
дүрслэлийн арга хэрэгсэл, хэл илэрхийлэл хэдийний завсаргүй уусан
нэгдэж, цул буюу нэгэн амьтай болсон нь эрхгүй ажиглагдана ...
"Дэлхийн дүрслэх урлагийн нийлэгжилтийн уулзвар" буюу нийлэгжих үйл явц
гэгч нь чухамхүү бодитоор оо энэхүү цагт, бидний монгол зураачдын нэгэн
эд эс болох залуугийн ур ухаан, уран чадвар, дайчин тэмцэгч чанар
төдийгүй хүнд хүчир хөдөлмөрийн үр дүнд гүйцэлдэн бүрэлдэж чадсаныг
бүтээлүүд гэрчилнэ ...
Сэтгэлгээ болоод илэрхийллийн арга хэрэгслийн энэхүү НИЙЛЭГЖИХ УУЛЗВАР
нь нэн шинэ эриний ДАЯАР УРЛАГ дахь гарааны цэг төдийгүй барианы утга
учир яахын аргагүй мөн ...
Цаг хугацаа,
Орон зай үгүйн
Хил үгүй
Хязгаар үгүйн
Асар хол,
Өнгөрсөнд
Асар ойр,
Одоод
Асар хол,
Ирээдүйд
Барьц үгүй,
Бариа нь үгүй
Асар ертөнцийн хаалга
Зураачийн өмнө
Үргэлж дэлгээтэй
Үүрд дэлгээтэй
...
2016. 08. 09
Зураач, судлаач С. Чулуунцэцэг
«UNENDLICH» – Solo Exhibition with OtGO KUNSTVEREIN
KONSTANZ
GERMANY
«UNENDLICH» – Solo Exhibition with OtGO KUNSTVEREIN
KONSTANZ
GERMANY
«UNENDLICH» – Solo Exhibition with OtGO KUNSTVEREIN
KONSTANZ
GERMANY