Санамсаргүй учралын дууль

 

Марина Манье́н - 2022 оны 3-н сарын 8

-- их хувь Франц хэл дээр The original text in French --
-- The text in English
--
-- The text in German --

Франц хэлнээс Монгол хэл рүү орчуулсан Б. Оюунтүлхүүр
2022 оны 3-н сарын 13 Бельгиин ниислэл Брюссель хот

    Энэхүү учрал 2021 оны 11-р сарын 19-ний гунигтай бүрхэг өдөр эхлэлтэй. Миний ажиллаж байсан галерейд (1) нохой ч үзэгдэхгүй, цаг хөлөө чирэх мэт явж өгөхгүй байлаа. Байдаг л энгийн нэг өдөр. Гэнэт хаалга онгойн нэгэн эр орж ирлээ.

Иймэрхүү маягаар ярихаар кино эхэлж байгаа юм шиг л санагдах биз. Ер нь кино бодит амьдралаас санаа авдаг юм биш үү? Амьдрал дээр тулгуурладаг биз дээ? Миний хувьд болохоор кино ший ч биш, ном зохиол, олон ангит кино ч биш, нэгэн гоц, гайхмаар учралын эхлэл байлаа. Ер нь тэгээд хүсэн хүлээсэн юмгүй, ёстой санаанд оромгүй үед сонин учрал болдог гэдэг биз дээ. Яг одоо би үүний жинхэнэ утга учрыг ойлгоод байна. Тэр өдөр манай галерейн хаалгыг түлхэн орж ирсэн эрийг Э.Отгонбаяр гэнэ. Отго гэж бусдад танигдсан уран бүтээлч. Тэр яг багваахай цэцгийн нарийхан дэлбээ зүлгэн дээр чимээгүйхэн унах мэтээр маш зөөлөн алхсаар, чимээ анир гаргалгүй ороод ирсэн юм.

Тэр манай галерейн жижигхэн мухлагт тавигдсан эд зүйлсийг яаралгүй тайвнаар үзэж харлаа. Зураг хөрөг, ээмэг бөгж, дэвтэр ном, урлагийн бүтээл гээд. Би тэгэхэд компьютерынхаа ард суучихсан, надтай хамт ажилладаг Мариа надаас холгүй, яг төвд байрлах ширээний ард ажиллаж байв. Тэр үед гарч байсан үзэсгэлэнг сонирхож дуусаад нөгөө эр голын ширээ рүү ойртон Мариа руу хандав. Галерейд ирсэн улс ихэнхдээ адилхан юмнууд асуудаг л даа. Тэр энэ ямар үнэтэй юм? Үзэсгэлэн төлбөртэй эсэх? Энэ баримал эсвэл энэ зургийг хэн гэдэг хүн зурсан юм? Иймэрхүү асуултны хариуг урьдчилаад бэлдчихсэн байдаг тул хууч хөөрөх сонирхол төрүүлдэггүй. Гэхдээ л хариулахдаа нүүрэндээ заавал инээмсэглэл тодруулна гээч. Хариу хэдий ойлгомжтой ч « Юуны өмнө эелдэг байх »  гэдэг бичээгүй хуулийг даган мөрдөнө. Гэтэл гаднаас орж ирээд байсан залуу эр тийм өнгөцхөн асуулт асуух хүн биш байв. Тэр наашаа өөр зорилготой орж иржээ. Илүү сонирхолтой гэмээр юм уу даа? Отгоо Мальтад урласан нимгэн торгон алчуурын юм уу инжааны цохисон ээмэгний үнэ асуухаар орж ирээгүй байлаа. Хуучин агуулах байгаад өдгөө орчин үеийн урлагийн галерей болсон манай байр түүний сонирхлыг татаж. Тэр Мариа руу харснаа эхний асуултаа асуутал яриа шууд өрнөв. Отгоо манай галерей болон энд бүтээлээ тавьсан уран бүтээлчдийн тухай, хамтран ажиллах боломжийн тухай асууна. Өөрийнхөө бүтээлүүдээс энд тавьж болох эсэхийг мэдэхийг хүснэ. Би ажлаа үргэлжлүүлэнгээ бусдаас онцгой энэ хүнийг улам бүр шохоорхон сонсож суулаа. Энэ уран бүтээлчийг хүндлэх сэтгэл тэр дороо төрснийг сайн санаж байна. Тэр их өр зөөлөн хүний харцтай. Тэр бусдыг сонсож чаддаг, бусдыг үнэн сэтгэлээсээ сонирхдог, хариулж бас хэрэгтэй үед өөрийн бодлоо хамгаалж чадах аж. Нэг тийм эерэг, цаанаасаа гэрэлтсэн эрч хүчтэй. Өөрийгөө саймширч магтсангүйгээр товчхон танилцууллаа. Тэгснээ Мариагаас түүний ажил, мэргэжил, сурсан сургуулийн талаар асуун сонирхож эхлэв. Энэ нь надад ёстой гайхам санагдаж билээ. Мариа түүнд манай галерей, галерейн эзний тухай хуучлангаа байраа үзүүлээд авав. Би ажлаа үргэлжлүүлэнгээ нүднийхээ булангаар тэднийг ажсан хэвээр л суув. Галерейн эзэн тэр өдөр байгаагүй болохоор хамтран ажиллах талаар ярих боломжгүй байсан нь ойлгомжтой. Тэр бидний тайлбарыг сонсоод байдлыг ойлгон өөрийн танилцуулах хуудсаа үлдээгээд бидэнд талархлаа илэрхийлсний дараа гарч одлоо. Манай галерейд дахин нам жим ноёрхон өдөр тутмын ажил үргэжлэв.

Valette, Malta
Валлетта хот, Мальта

    Сониуч зандаа хөтлөгдөн би түүний орхисон танилцуулах хуудсыг уншлаа. Нимгэн, гоёмсог аж. Зүүн хэсэгт нь түмбийлгэн гаргасан Монголын билэг тэмдэг соёмбо харагдана. Үүнийг хараад надад энэ бүхэнд итгэхэд хэцүү, байж боломгүй санагдлаа. Отгоо олны танил нэртэй уран бүтээлч бөгөөд өөрийн урлагаараа талхаа олж иддэг болоод удаж байгаа аж. Тэрээр мөн Монгол улсын уран зургийн музейн ахлах куратор юмсанж. Байж боломгүй нь гэвэл урлагийн галерейд уран бүтээлчид орж гардаг ч монгол уран бүтээлчтэй таарна гэдэг маш ховор доо. Чин үнэнээ хэлэхэд, надад энэ улсын тухай мэдэх юм огт алга байлаа. Зэрлэг адгуус морьд, гэр, дайчин эрс, зах хязгааргүй хээр тал гэх мэтийхнийг төсөөлөв. Ийм нимгэн мэдлэгтэйдээ өөрөөсөө ичсэн би тэр оройдоо энэ улсын урлаг түүхийн талаар хайж олохыг шийдлээ. Санамсаргүй учралын нэгэн гайхамшигтай дагавар бол бусдыг танин мэдэхийг хүссэн цангасан сэтгэл юм. Энэ цангааг тайлахын тулд холыг харахаар хаяагаа тэлэн, нүдээ нээж, биеэ нөөсөн бяцхан ертөнцөө орхин адал явдалт аян замд гарахаас өөр аргагүй болдог. Би ч дутахыг хүссэнгүй. Хэдэн өдрийн дараа Отгоод майл бичихээр шийдлээ. Урлаг соёлын удирдлагын ангид сурч байгаа энгийн даруу оюутантай уулзах болов уу хэмээсэн горьдлоготойгоор илгээчихэв. Ёстой сонин, төдий удсангүй түүнээс хариу ирж байна. Түүний хариуг хүлээнгээ би бодолдоо маш нарийн мэдрэхүүнтэй, мэдлэгтэй, маш завгүй хүнийг төсөөлөөд эхэлсэн байлаа л даа.

    Хэсэг бичилцэн харилцсаны дараа хоёулаа нэгэн уушны газар болзож халуун шоколад уухаар тохиров. Уулзах газар маань чихэнд чимэгтэй сонсогдох
« Шотландад өнгөрүүлэх ням гаригийн өдөр » (2) нэртэй. Би тэндхийн зүйрлэхийн аргагүй амттай халуун шоколадыг уух дуртай. Өтгөндүү мөртлөө аманд хайлсан зөөлхөн. Хүн амьтнаас сонссоноо яриад байгаа юм биш шүү. Батлаж чадна. Өмнө нь өөрөө амсаад үзсэн юмаа. Ингээд болзоот өдрөө би түрүүлээд тэнд оччихсон байлаа. Гадаа тэнгэр онцгүй байсан болохоор би шууд дотогшоо орлоо. Энд хүмүүс орох дуртай болохоор суудал олох дандаа асуудалтай байдаг. Бас л аз шалгана шүү. Оронгуутаа нэг ширээ чөлөөтэй байхыг шууд олж харлаа. Олон юм бодолгүй шууд чиглээд очив. Юу ч болсон, ширээгээ эзэлчихлээ. Заа ингээд хүлээгээд байна даа. Иймэрхүү хүлээлт ямар ч үед их удаан санагддаг. Сэтгэл сэрвэлзээд сандраад ч байх шиг. Хүмүүс орж гараад, хамар цоргисон сайхан үнэртэй уух идэхээ захиалаад л. Харин би хүлээсээр. Борооны дусалд хөөгдөн алхаагаа хурдасгах хүмүүсийг цонхоор ажингаа хөгжмийн аянд бүүвэйлэгдэнэ. Арваад хоромын дараа, хүсэн хүлээлгэсэн нөгөө залуу хаалга нээлээ. Отгоо ирлээ. Ширээнд ирж суухад нь энэ хүртэл яваад ирсэнд нь талархлаа илэрхийллээ. Хэдэн үг сольсны дараа би нөгөө баахан магтчихсан халуун шоколадаа захиалахаар шийдэв. Гэтэл яг тэр өдөр халуун шоколад байхгүй азгүйтээд. Бидний өмнөхөн дуусаж. Чамлахаас чанга атга гээд цай, кофе захиалахаар боллоо. Эцсийн эцэст юү уух нь тийм чухал биш байсан юм л даа. Хүн тэгээд цаасан аяганаас уусан ч жаргалтай байж болохын адил болор хундагатай оргилуун дарс барьчихаад баярлах юмгүй гансрах ч байдаг даа. Нэгэн удаа ээж минь « хоёр хүн хамтдаа сайхан байгаад хоорондоо таарч тохирч байвал өчүүхэн юм болгонд, бүр тэр байтугай цайнд хүртэл инээд алдах магадлалтай шүү » гэж хэлж байсан юмдаг. Ямар ч л байсан тэр орой надад анх төрсөн сэтгэгдэл дахиад батлагдсан юм. Отгоо манай галерейд ирсэн өдрийнх шигээ эелдэг, анхааралтай, сайхан зантай, хүнд хүндэтгэлтэй ханддаг хээвээр. Миний асуусан олон асуултанд уриалгахан хариулж ажлынхаа тухай ярихдаа нүд нь гэрэлтэнэ. Би мань хүнийг маш их анхааралтай сонсч ярилцлага өрнөхийн явцад миний сэтгэл улам баяжих мэт санагдана. Өөрийн төрсөн нутаг Монгол орныхоо талаар, уран бүтээлийн замаа яаж эхэлж байсан, төрсөн нутгийнхаа өнцөг булан бүрт очин үндэснийхээ зургийн урлагийг сэтгэлдээ шингээн, заншил горимыг нь судлаж, өнгө будгийн сонголт, өөрийн гэсэн өнгийг гаргахын тулд зориулсан цаг хугацаа гээд удаан ярилаа. Энэ хүн ямарвааг хийж бүтээхдээ үнэн сэтгэлээсээ хйидэг нь ярианых нь өнгөнөөс мэдрэгдэнэ. Бидний яриа өрнөхийн сацуу бас нэгэн зүйл миний анхаарлыг улам ихээр татаад байлаа. Отгоогийн нүд. Түүний нүд үргэлж эргэн тойронд болж байгааг анзаарна. Байнгын сонор сэрэмжтэй гэмээр. Дараагийн бүтээлээ хийх онгодоо, загвараа аль эсвэл шинэ санааг эрэлхийлээд байгаа юм шиг. Зарим үед гэнэт нэг юм болж бидний яриа тасрах гэж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Би хүртэл өөрийн мэдэлгүй сонор сэргэг болж “тэр нэг юм” болохыг хүлээгээд байлаа. Түүний анхаарлыг юү интгэтлээ татав, тэр юү бодов, хэний тухай, юуны тухай гээд байн байн мэдэхийг хүснэ. Асууж зүрхлэхгүй байсан болохоор ямар ч хариу сонсох вэ дээ. Зүгээр л түүнийг чимээгүй ажин, оньсого мэт эл байдлыг үл эвдэнэ. Тааваргүй оньсого, үл мэдэх, нууц хадгалах нь бас өөрийн гэсэн сэтгэл татсан гоё талтай шүү. Би угаасаа хүнд заавал тайлбарлах ёсгүй зүйл, нөхцөл байх ёстой гэж чин сэтгэлээсээ итгэдэг юм. Нууцлаг юм бидэнд заавал хэрэгтэй. Пауло Коэло өөрийн Брида зохиолдоо энэ тухай бичихдээ « Далайн хязгааргүйд төөрсөн аянчид билээ бид. Бурхан биднийг энэ үл мэдэх (урьдчилан таашгүй) –г хүлээн зөвшөөрөх сэтгэлийн хаттай байлгаасай » гэсэн байдаг.

Зураач, зохиолчид манай ертөнцөөс тасарсан улс мэт санагддаг. Тэдний ертөнц тэс ондоо бөгөөд тэнд хүрэхийн аргагүй. Тэдний сэтгэл зүрх эрх чөлөөг илүү эрхэмлэдэгтэй холбоотой юм болов уу? Тэд хоёр ертөнцийн дунд оршдог гэж би боддог. Арай тэнгэрт хүрээгүй боловч бас газар дэлхий дээр оршихоо больсон улс. Энэ нь муу ч биш, сайн ч биш. Зүгээр л ялгаатай.
Бид хоёр, цаг хагас шахам тэр уушны газар суусан санагдана. Сэтгэлд таатай үед цаг харвах мэтээр хурдан өнгөрдгийн адил, бид аз жаргалгүй байхад цаг яг эсрэгээр ямар удаан мөлхдөг билээ дээ. Би ганцаараа үүнийг мэдрээд байсан нь биш байх. Эхлээд бодоход энэ байдал шударга бус санагдах боловч харин яг ингэснээр бид тэр үед жаргалтай үгүй байснаа ойлгоход дөхүү ч юм үү. Бидний уулзалт гэрлийн хурдтай болоод өнгөрсөн юм. Отгоо миний аягыг нэг ч удаа хоосруулсангүй. Намайг бараг мэдээгүй байхад илүү дутуу үггүйгээр миний аягыг дүүргээд байсан. Яг илбэчин мэт.
Уушны газраас гарахад харуй бүрийн болсон байлаа. Өглөөнөөс хотыг гоёх Зул сарын баярын чимэглэл хэдэн мянгаар солонгорох өнгөөр хотыг гэрэлтүүлнэ. Есүс ертөнцөд мэндэлж буй агшинг харуулсан зул сарын чимэглэл хотын төвд байрлуулжээ. Баярын уур амьсгал гадуур яваа хүмүүсийн сэтгэлийг дулаацуулна. Энэ үед Валлетта хотоор зугаалах нь үнэхээр гайхамшигтай. Мальта арлынхан төрөлх хотоо гэрэлтүүлж гоёх маш их дуртай. Тэрийгээ их сайн ч хийнэ. Тэгэхээр гэртээ харихаасаа өмнө энэ бүхнийг би бас Отгоод үзүүлж харуулахыг хүсэж байлаа.


Valette, Malta
Валлетта хот, Мальта



(1) - Valletta Contemporary,
Валлетта хот, Мальта

(2) - Sunday in Scotland, Валлетта хот, Мальта




Отгоогийн өдийг хүртэл бүтээсэн уран бүтээлүүд нь маш өргөн цар хүрээтэй олон сэдвийг тусгасан байдаг. Гэхдээ түүний бүтээл болгонд өөрийнх нь төрсөн нутаг, Монголтой холбоотой ямар нэгэн юм үргэлж мэдрэгдэнэ.
Эхэндээ тэр Монголын уламжлалт дүрслэх урлаг буюу тэр дундаа маш их онцгой, сүнслэг, Бурхны шүтээн зурагт ихээхэн цаг заваа зориулсан аж. Энэ нь зүгээр нэг шүтээний дүрслэл зураг бус түүнийг харах бүрт зургаар төлөөлүүлсэн Бурханд хандах мэт болдог байна. Нүдэнд үл харагдах холбоо үүсэн хүний сэтгэл өөрийн эрхгүй тайвширдаг аж. Отгоо шүтээн зургийн талаар удаан ярьсан билээ. Тэр жижгэвтэр хэмжээний зургийг дуусгахад ямар их цаг хугацаа, их тэвчээр шаардагддаг тухай. Ийм уламжлалт зураг сурах гэж ямар их урт удаан аялалд гарсныхаа тухай.
Нарийн дэг жаягтай дүрэм журмын дагуу эхний зураасыг тавиад бүтэн зургаар төгсдөг гэнэ. Будаг бэлдэхэд бас цаг хугацаа хэрэгтэй. Байгалийн эрдэс эсвэл ургамлын гаралтай будаг бэлдэнэ. Шүтээн зураг бүр шоргоолж шиг нөр их хөдөлмөрлөж бүтдэгээс гадна бас гүн бясалгалын үр дүн байдаг. Зураач сэтгэл санаагаа тайвшруулан өөрийгөө бэлдэн сууж, тайван, алхам алхмаар бүтээлээ эхлэнэ. Түүнд саад болох юм байж болохгүй. Зөвхөн нам гүм түүнд хань болно. Олон цагийн турш, цай хоолоо мартан мартан зургаа зураад суух үе байдаг хэмээн Отгоо надад ярьж билээ. Зураг эхлэхэд маш онцгой уур амьсгал бий болдог. Тэр байдлыг эвдэх юм бол зураач түүний бүтээл хоёрын хоорондын холбоо тасалдан замхрана. Дахин эхлэх боломжгүй. Бараг нэгэн амьсгалаар дуусгах ёстой.

Отгоогийн бусад бүтээл өөр боловч маш их гүн санаа агуулсан байдаг. Түүний хэрэглэдэг будгийн гялалзсан тод өнгөнд би их дуртай. Бүтээлүүд нь хүчтэй, их гэрэл гэгээтэй. Миний хувьд жинхэнэ аялалын эхлэл, сэрүүн бясалгал мөн. Надад итгэхгүй бол өөрсдөө түүний бүтээлүүдийг хараарай. Ойлгох болно доо.
Туурайн төвөргөөн” цуврал зураг бол үүний нэгэн жишээ болно. Гаднах ертөнцөөс өөрийгөө таслан хязгаарлаж, тэр бүтэл рүү уусан ороод, бишрэн ширтээрэй. Хэсэгхэн хугацааны дараа морин төвөргөөн, морьдын амьсгаа сонсогдоно. Замын тоос шороо босоод, зах хязгааргүй, эрх чөлөөтэй Монголын уудам талд давхих морьдын араас хөдлөх шиг болно. Эхлэл төгсгөлгүй энэ их хөдөлгөөн амьдралын гольдрогод урагшилна. Бүх зүйлс байх ёстой байрандаа. Зотон дээр хоосон зайгүй. Орон зай бүрэн дүүрэн. Отгоогийн хамгийн том бүтээл Улаанбаатар хотын Туушин зочид буудалд бий. “Нутаг Мину Хүлэг Мину” бүтээлд бас л морьд дүрслээстэй. Хадны зурагнаас буусан мэт. Морьд бүх л зайг дүүргэн тэдний тасаршгүй хөдөлгөөнд бүүвэйлэгдэн дагахаас өөр замгүй. Холоос харвал шинэ дүр төрх, байгалийн зураг тодорно. Ингээд энэ бүтээл төсөөллийн асар том талбай болон хувирна. Энэ гайхамшигт цувралаас надад хамгийн их таалагддаг нь “Зураг-66 Тэнгис” юм. Хараад зогсож байхад амилаад ирдэг. Морьд давалгаа болон хувирч чөлөөтэй хөдөлгөөнд орно.

Сонирхол татах бас нэгэн зүйл бол детальчлал буюу чимхлүүр нарийн ажиллагаа. Отгоогийн зурлага маш нарийн, жинхэнэ тэвчээр шалгасан ажил байдаг. Түүний бүтээл рүү ойртох тусам амилж байгаа санагддаг. Ид шидтэй мэт бүх жижиг нарийн зүйлс тодрон, хүний нүдийг анхааралтайгаар гүйлгэж эхэлнэ. Ялангуяа “Далай”, “Хүн”, “Зураг 63” буюу “Диваажин” жижиг чимхлүүр зурганд мэдрэгдэхүйц харагддаг. Уг зургийн тансаг чимэглэл бараг хүний сэтгэцэд нөлөөлөхөөр хүчтэй бөгөөд зураачийн төсөөллөөр бий болсон Эдены цэцэрлэгт хүрээлэнд байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Ойртоод дөхөөд харахаар жижигхэн хүмүүс харагдаж эхэлнэ. Заримдаа тэдний байдал маш эротик, заримдаа тэд бужиглэж байгаа мэт харагдана. Тэр даруй ид шидэнд автагдана. Энэ бүхнийг хараад тэр зурган дотор орж нууцыг тайлан хэдэн хором ч болов тэнд үлдэх хүсэл төрдөг.
Отгоогийн бүтээлд хүнээс гадна зөндөө олон амьтан суурьшсан байдаг. Бар, сармагчин бич, морь, төрөл бүрийн шувуу.... Бүх амьд биетийг холбосон гүн холбоог ингэж онцолсон гэж би итгэдэг. “АМЬТАН-1” гурвалсан цуврал. Үзэгч жинхэнэ усан бүжгэн жүжигт шумбан орно. Загас, шувуу, хүн, амьтан гээд бүгд маш их эв найртай хамтран оршино. Тэд бүжиглэнэ, усанд сэлнэ. Тэдний сэтгэл маш дэврүүн хөнгөн санагдана. Энэ сайхан зохицол нэгдлийг “Шинэ Амьдрал-2” хэмээх дараагийн бүтээлээс бас харж болно. “Нис нис” гэдэг маш том хэмжээний бүтээлд хүмүүс шувуудын хамт нисч байгааг харж болно. Хүмүүсийн биеийн галбирыг харахад тэд өөрсдөө шувуу болсон юм шиг санагддаг. Тэд салхи мэт чөлөөтэй, аз жаргалтай харагдана. Тэд өд шиг, санаа сэтгэл шиг хөнгөн болсон мэт. Бие сэтгэлийн ямар ч тор тэднийг үл хязгаарлана. Энэ бүтээлийг хараад байхад цаанаа л нэг сайхан сэтгэлийн амарлингуй мэдрэгддэг. Цаг хугацаанаас түрхэн зуур чөлөөлөгдөн бүхнийг умартан мөрөөдөлд автах боломжтой санагдсан.
Өчүүхэн миний бодлоор бол Отгоогийн бүх бүтээл бидний мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөнийг сэрээх чанартай. Тэгэхийн тулд түүний бүтээлийг үнэхээр цаг гарган үзэж дотор нь орох л хэрэгтэй. Ингэж чадвал түүний бүтээл цагийн явцыг зогсоон биднийг яруу найргийн эгшигтэй тэс өөр ертөнцөд аваачих чадвартай. Уран зураачийн ертөнцөд шүү.
Гигантопитеки” нь түүний сүүлийн үеийн уран бүтээлийн нэг. Амьд биетүүд байгалийн сайханд налайн харагдана. Энэ зурагт нэвтрэн орж чадвал ширэнгэн ойн чимээ, салхины исгэрээн, шувуудын жиргээн болон олон янзын амьтны дууг сонсох боломжтой. Үүний хажуугаар бас Отгоогийн өөрийн Монгол нутгийн ардын дуу аяс уянгалан сонсдох үед бүх зүйл ид шидийн чанартай болж өөрийн сэтгэлийн гүн рүү аялах аялал эхэлнэ. Ингээд цаг хугацаа биднийг хорин дийлэхээргүй газар руу явцгаана.

Бусад олон зураачдын адил Отгоо бас сүүлийн үед болж буй байдлыг зургаар илэрхийлдэг. Өнөөгийн ертөнцийн баяр баясал, уйтгар гунигийг бас зурна. Дэлхий дээрх амьдралын үнэн бодитыг өөрийн маягаар дүрслэнэ. Жүжигчид, зураачид, яруу найрагчид угаасаа бодит үнэний чимээгүй гэрчүүд байдаг. Өнгөрснийг бодохоор ертөнцийг тэр аяар нь нөмөрсөн аюулт өвчин бидний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн. Говийн угалз шиг хүчтэй элсэн шуурга бүхэл бүтэн улсуудыг тийм гэхийн завдалгүй нөмөрч эмх замбараагүй байдал бий болсон. Үүнийг өөрийн төсөөллөөр дүрслэн, Отгоо “Коронавирусын нууц матриц буюу нууц Код” мөн хэсэг хугацааны дараа “Сүүлчийн зоог“ гурвалсан зургийг бүтээжээ. Эдгээр бүтээлээрээ амьдралын гэнэтийн өөрчлөлтийг гайхамшигтайгаар үзүүлж чадсан юм. Аврага наймаалж хүмүүсийг амиа тавьтал ороох нь тамд л ийм байдаг болов уу гэлтэй. Анхаарлаа нэмэн төвлөрүүлбэл нэг тийм дотор чичрүүлсэн, уйлаан хашгичаантай, зэвүүн инээдтэй, чөтгөрийн гэмээр ая ч сонсож болно. Нэг хэсэг нь баясан цэнгэж байхад бусад нь үхсэн харагдана. “ "Галейр" усан онгоцны золиослогдсон сүнснүүд“ бүтээл зовлон гамшиг амссан боолчуудын сэдэвтэй. Сүнсийг нь хоосолсон амьгүй биесийг давхарлан хураажээ. Бас л там юм шиг боловч мэдрэмж нь огт өөр. Удаан хөдөлгөөн, хүйтэн агаар, боолуудын үхлийн зовлон шаналалын мэдэгдэхүйц өвдөлт.

Отгоогийн бүтээлүүд тэднийг хараад зогсож байгаа хүнийг өөрийн дотоод сэтгэлдээ аялахыг урин залдаг мэт надад санагддаг. БҮГДИЙГ бүтээхийн тулд бүх юм өөр хоорондоо холилдсон, болохгүй бүтэхгүй юмгүй сэтгэлийнхээ гүн рүү шагайхыг урина. Чимээгүй харц салгалгүй зогсож, мөрөөдөн, яруу найргий нь мэдрэхийг урина. Урьд хараагүй хаалга үүдийг онгойлгон дотогш орж адал явдалт аялалд гарахыг урина. Амьдрал сайхан шүү. Бодож санаагүй явж байхад яг иймэрхүү учрал тохиодог. Надад цаг заваа зориулан, намайг тэвчээртэй сонссон, сайхан сэтгэлтэй Отгоод хязгааргүй их талархсанаа илэрхийллээ. Би өөрийг нь ямар их хүндэлдэгийг мэдрэх өдөр тэр хүнд бас ирэх биз ээ.

À mon sens, les œuvres d’Otgo invitent toute personne qui les contemple à voyager en elle-même, au fin fond de son âme, où tout est possible, où tout se mêle pour créer le Tout. Elles invitent à la contemplation silencieuse, à la rêverie et à la poésie. Elles ouvrent une porte nouvelle et incitent à entrer à l’intérieur et à partir à l’aventure. La vie est finalement très belle. Elle seule rend possible les rencontres comme celle-ci, au moment où l’on ne s’y attend pas. Je remercie infiniment Otgo pour son temps, sa gentillesse et son écoute empathique. J’espère qu’un jour, il verra, le grand respect que j’ai pour lui.



Марина Манье́н
2022 оны 3-н сарын 8


ZURAG -66 TENGIS by OTGO 2018, acryl on canvas 150 x 300 cm
ZURAG -66 TENGIS by OtGO 2018, acryl on canvas 150 x 300 cm




Poème

J’entends les bruits saccadés
J’entends l’appel de la steppe
La liberté m’enveloppe et me réveille
En m’affranchissant de ma peine

Le vent n’est plus mon ennemi
Je sens son souffle dans mes oreilles
Venant de loin, il me ramène
Des chants profonds et éternels

Des chevaux courent dans les vastes plaines
Leur course n’a ni début ni fin
Sans harnais ni épaisses chaînes
Ils voyagent jusqu’aux confins du temps

Ô ma douce liberté
Descends de ton royaume étoilé
Et permets moi de faire durer
Ce bonheur retrouvé
À propos de Roaring Hoofs - 31
 










Valletta, Malta
Валлетта хот, Мальта


















Valette, Malta
Валлетта хот, Мальта




















Valette, Malta
Марина Манье́н - Валлетта хот, Мальта

















Valette, Malta
Валлетта хот, Мальта














Valette, Malta
Валлетта хот, Мальта














Valette, Malta
Валлетта хот, Мальта













Valette, Malta
Валлетта хот, Мальта

















Valletta, Malta
Валлетта хот, Мальта




















Valette, Malta
Марина Манье́н - Валлетта хот, Мальта
















 OtGO Otgonbayar Ershuu                                         English  German  Mongolian  www.facebook.com/OTGOArtist  Contact