Грассэт Мелани
1990-ээд оны үед гүн ухааны чиглэлээр суралцаж байхдаа Францын Нант
хотын урлагийн галерейд ажилласан нь түүнийг орчин үеийн урлагт "уруу"
татсан гэдэг. Тэрбээр Францын зохиолч, кино найруулагч Маргерит Дурасын
тухай уран зохиол, социологийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсны
зэрэгцээ хэд хэдэн шүүмж нийтлэл бичиж хэвлүүлсэн байна. 2000 онд
Парисын VIII их сургуулийн докторантад "Урлаг ба интернэт" сэдвээр
судалгааны ажлаа төвлөрүүлж дөрвөн жил суралцжээ. Энэ хугацаанд урлагт
үзүүлэх интернэтийн нөлөө програмчлал, дижитал урлагийн бүтээлийн олон
улсын зохиогчийн эрх, хууль эрх зүйн байдал түүнчлэн даяарчал, интернэт
мэдээлэл технологийн хурдтай хөгжлийн шинэ үед урлагийн байгууллагууд,
музейн шинэчлэлд орон зай "виртуал үзэсгэлэн", "интернэт музей" гэсэн
ойлголтод анхаарлаа түлхүү хандуулжээ. Өнөө үед энэ сэдэв түгээмэл
ойлголт хэдий ч 2000 оны эхэн үед алсыг харсан шинэлэг зүйл байсан юм.
Парисын урлагийн мэдээний “Art press”, “ViaFrance” агентлагт
редактороор ажиллаж байсан Мелани интернэт мэдээлэл зүйн шинэлэг эрин
үе ирж буйг бусдаас түрүүлэн онцлон харж чадсан урлаг судлаачдын нэг
юм. Мэдээлэл технологийн шинэ орон зайд тэрбээр соёлын салбарын
урсгалыг дагаж өөрийгөө өөрчлөх шаардлагатай болсон бөгөөд виртуал
бүтээлийг урлаг хэмээн хүлээн зөвшөөрөөд, албан ёсоор худалдан авч,
цуглуулж эхэлсэн “Fondation cartier” болон эл төрлийн бүтээлийн
дуудлага худалдааг түүчээлэн зохион байгуулсан Францын анхны
байгууллага “Cornette de Saint Cyr”, энэ сэдвийг хөндсөн анхны онолч
судлаач Пьер Леви, мөн нэр бүхий уран бүтээлчидтэй тогтмол холбоотой
байж, жилийн турш ярилцлага хийж, их, дээд сургуулиудад илтгэл, лекц,
семинар зохион байгуулдаг байжээ.
Монголын
урлагийг Франц болон Баруунд таниулан, сурталчлах үзэсгэлэн зохион
байгуулах хүсэлдээ автаж тэрбээр 2006 оноос Францын хэд хэдэн музейд
танилцуулах уулзалт хийсэн ч тодорхой амжилтад хүрэхгүй л байлаа. Учир
нь франц хүмүүс Монголын урлагийн талаар тун бага ойлголттой. Урлаг,
соёл гэхээс илүүтэй гар урлал, гоёл чимэглэлийн талаас хүлээн авч,
голчлон бөө мөргөлийнх нь талаар сонирхон асуудаг байжээ. Тэр үеийг
хүртэл Монголын уран бүтээлийн үзэсгэлэн Францын хэдхэн музейд тун
цөөхөн гарсан байлаа. Хамгийн анх 1979 онд Вадим Элисеф, Ален Дежак
нарын ивээл дор "Монголын орчин үеийн усан будгийн зургууд" үзэсгэлэн,
1993 онд "Гимет" музейд XVII зууны уран барималч Өндөр гэгээн
Занабазарын бүтээлүүд, 2004 онд орчин үеийн зураач Ш.Чимэддорж,
Р.Лхагварэнцэн нарын хамтын үзэсгэлэнг Сернушийн музейд буюу Чантилли
цайз дахь амьд морины музейд зохион байгуулсан байна. Барууны
оронд уран бүтээлч хүний бие даасан үзэсгэлэнг бүхэл бүтэн музейд
гаргах нь асар их хүндлэл юм.
Олон жил
цахимаар холбоо харилцаатай байсан Мелани бид хоёр 2023 оны есдүгээр
сард анх уулзлаа. Түүний гэр жижиг хэмжээний монгол номын сан гэмээр
арвин ном бүтээл, цуглуулгатай, тэдгээрийн дийлэнх уйгар бичгээр
хэвлэгдсэн нь нэн сонирхолтой. Над шиг "хуучин" монгол бичигт маруухан
хүнд ичмээр байсныг нуухгүй. Бидний зарим нь эх хэлээ үл ойшоон үр
хүүхэдтэйгээ харийн хэлээр хазгай муруй ярьж байхад харь үндэстний хүн
эх монгол хэлийг минь сурч хүүхдүүддээ зааж байгааг харахад юу эс
бодогдох билээ. Монголоос Франц руу ном авчрахад хугацаа урт, овор, жин
ихтэй учир зардал өндөр. Тэрбээр судалж, мэдэхийн төлөө ямар их
хөдөлмөр, мөнгө зарцуулж ийм олон ном авчирсан нь ойлгомжтой, өөрийн
эрхгүй бахархах сэтгэл төрсөн. Мелани намайг шар тостой сүүтэй цайгаар
дайлж, монгол шүлэг цээжээр уншив. Мөн агуу Б.Ринченгийн зохиолоос
тунчиг яруу уншсан. Бид Монголын тухай ярилцаж суутал энэхүү франц
эрдэмтэн бүсгүй "Миний хайртай Чоймаа багш бурхан болчихсон" хэмээн
уйлж билээ.